“БАЯНДУЛААН-УУЛ” ХХК "АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН"-ЭЭР ШАЛГАРЛАА

2019.01.29 Мэдээ Read count: 2836

ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй 42 дахь жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд”-ийн нэгээр “Гацуурт” ХХК-ийн харьяа “Баяндулаан-Уул” ХХК тодорлоо.

“Алтан төлийн эзэн” хэмээх энэхүү хүндтэй шагнал нь тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, бусдад үлгэр жишээ болохуйц хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан 21 аймгаас шалгаруулдаг юм.

Шагнал гардуулах үйл ажиллагаа 2019 оны 01-р сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн төв болох Сайхантолгой салбарт боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог, Цагааннуур сумын Засаг дарга Б.Зоригоо, Цагааннуур сумын ИХТ-ийн дарга Х.Нацаг, Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн н.Хурц зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Шагналыг УИХ-н гишүүн Д.Эрдэнэбат гардуулж “Газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй жишиг компани нь “Баяндулаан-Уул” ХХК юм” хэмээн байгууллагын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Мөн энэхүү баярт өдөр манай компани нийт малчдаа хүлээн авч “Малчдын цагаан сар”-ыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Тэд энэхүү баярын өдрөөрөө хуран чуулж, ажлын туршлагаа солилцож, ололт амжилтаа дүгнэлээ.