АХМАД АЖИЛТАН Д.ЖАРГАЛД ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020.08.22 Мэдээ Read count: 1826



АХМАД АЖИЛТАН Д.ЖАРГАЛД ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

 “Гацуурт” ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн баяраар газар тариалангийн салбарт сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал, ажлын түүчээ болсон ахмад техникч Д.Жаргалд хүндэтгэл үзүүлж “Хүндэт өргөмжлөл” 2 сая төгрөг, нэг өрөө орон сууцны батламж гардуулан түүний Монгол улсад оруулсан хөдөлмөрийн үнэ цэнийг тунхагласан билээ.

Ууган ажилтан Д.Жаргал нь 1958 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн бөгөөд ЗХУ-ын Омск хотын Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуульд трактор, комбайнчин мэргэжил эзэмшсэн.

Д.Жаргал нь 1976 онд Хархорины САА-д тракторчинаар ажиллаж эхэлсэн нь газар тариалангийн салбарт сэтгэл зүрхээ зориулах эхлэл нь болсоныг дурсамж болгон ярьлаа. Тэрээр 2003 оноос өнөөдрийг хүртэл “Гацуурт” ХХК-д техникч, оператороор ажиллаж газар тариалангийн салбарт тасралтгүй 44 жил ажиллаж байна. 

Мөн ХАА-н техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч 220 жилийн түүхтэй АНУ-ын John Deere компанийн трактор, комбайныг Монголын газар тариалангийн салбарт нутагшуулсан хамгийн анхны трактор, комбайнч юм.

Д.Жаргал нь хариуцсэн техникээ ариг гамтай эзэмшиж, засвар үйлчилгээг цаг алдалгүй хийж техникийн бэлэн байдлыг байнга ханган ажилладаг бөгөөд хамт олныхоо дунд нэр хүндтэй, залуу үеийнхэндээ зөв үлгэр дуурайлалтай, заавар зөвлөгөөг байнга өгч сурган хүмүүжүүлдэг, ажилдаа нягт нямбай ханддаг, аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг “Гацуурт” ХХК-ийн төдийгүй Монгол улсын газар тариалангийн түүхийг бүтээлцэж яваа нэгэн юм.

Түүний гавьяа шагналаас дурдвал:

  • - Хархорины САА-н 1985-1986 оны сумын аварга тракторчин диплом, мөнгөн шагнал,
  • - 1988 онд Өвөрхангай аймгийн аварга тракторчин,
  • - 1989 онд Атарчдын алдар медаль,
  • - 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар Дэлхийн залуучуудын оюутны 13-р их наадамд төлөөлөгчөөр БНАСАУ-д явсан,
  • - 1986-1990 оны 8-р таван жилийн гавшгайч тэмдгээр болон баярын бичиг,
  • - 1991-2002 онд “Хаан тамга” ХК-ийн  баярын бичиг үнэ бүхий зүйлээр,
  • - 2004 онд “Гацуурт” ХХК-ийн баярын бичиг, мөнгөн шагнал,
  • - 2006 онд “Гацуурт” ХХК-ийн Хамт олны хошуучлагч өргөмжлөл болон мөнгөн шагнал,
  • - 2007 онд “Гацуурт” ХХК-ийн Баярын бичиг, мөнгөн шагнал,
  • - 2009 онд ХААЯамны Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдэг,
  • - 2014 онд баярын бичиг, мөнгөн шагнал,
  • - 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медаль тус тус шагнуулж байв.

Түүний нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлсэн орон сууцны түлхүүрийг Намрын тэргүүн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр байгууллагын удирдлагууд гардуулан өглөө.