Үрийн буудайг дөрвөн шат дамжлагаар цэвэрлэж ариутгах үйлдвэр 24 цагаар ажиллаж байна

2018.10.22 Мэдээ Read count: 2404


Энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үр тариа хураалтын ажил өмнөх жилийнхээс хоёр дахин удаашралтай байгаа. Үр тариа хураалтын ажил удаашрахадболовсруулалтын бүхий л дамжлага ажиллагаанууд удааширч хойшлох магадлалтай байдаг. Харин энэ нь иргэдийн үр тарианы хүнсний хангамж нөөц, бүтээгдэхүүнийн үнийн асуудалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл дагуулдаг.

Тэгвэл энэ бүх асуудлыг ашиглалтанд ороод 5 сар болж байгаа, монголдоо төдийгүй азидаа ганц, тусгай техник, технологийн дагуу угсрагдсан бүх төрлийн, их хэмжээний үр цэвэрлэх, ариутгах үйлдвэр цогцоор нь шийдвэрлэх боломжтой юм байна. Уг үйлдвэр нь хүн хүч, цаг хугацааг хэмнэх бөгөөд бүхэл бүтэн манай улсын жилийн нийт үрийн болон үйлдвэрийн улаанбуудайг цэвэрлэх хүчин чадалтай юм.

Бүх төрлийн таримал ургамлын үр цэвэрлэх, ариутгах үйлдвэр нь нэг цагт 28-30 тонн үрийн буудайг дөрвөн шат дамжлагаар цэвэрлэж ариутгах хүчин чадалтай. Харин үйлдвэрийн улаанбуудайг хоёр шат дамжлагаар нэг цагт 90 тонныг цэвэрлэх хүчин чадалтай.

Үр тариа цэвэрлэх үйлдвэрийн эхний шат дамжлагаар үр тарианы том хогийг ялгадаг бол хоёр дахь дамжлагаар үр тарианы нарийн хогийг ялгаж цэвэрлэдэг. Гурав дахь болон дөрөв дэх дамжлагат стандартын жин хэмжээгээр үр ангилагдаж гардаг.

Дани улсад захиалж эх орондоо угсарсан тус үйлдвэр нь манай улсад газар тариалан хөгжсөн 60 жилийн хугацаанд анх удаа үйл ажиллагаагаа явуулж байгаагаараа онцлог юм. Бүрэн автоматжуулсан тус үйлдвэрт нэг ээлжиндээ 2-3 хүн ажилладаг. Одоогоор тус үйлдвэр хоёр ээлжээр 24 цагаар үр цэвэрлэж, ариутгаж байна.