ХӨГЖИЛ ТҮҮЧЭЭЛСЭН “ГАЦУУРТ”-ЫН 20 ЖИЛ

2019.03.21 Мэдээ Read count: 2977

“Гацуурт” ХХК нь үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа тэлсэн энэхүү 20 жилд 10 үндсэн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, техник, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал зэрэг хэд хэдэн салбарт анхдагч байж чадсан юм.

Бид бүхэн уул уурхайн салбарыг түшиглэн уналтад ороод байсан Монголын газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, улмаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох алс хэтийн зорилгыг өмнөө тавин түүнийхээ төлөө тууштай зорьж ажилласаар ирсэн.

Манай компанийн эхлэл болсон 1998 оноос өнөөг хүртэлх хугацаанд зорилгоо хэрхэн биелүүлэн ажиллаж буй тухай, газар тариалан, мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмэр, монгол хүнд эрүүл хүнс, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, салбар компаниудын нийгэмд үзүүлж буй үр нөлөө, нийгмийн хариуцлага зэргээ дүгнэж баярын хурлыг 2019 оны 03-р сарын 13-ны өдөр Корпорейт зочид буудлын хурлын танхимд, баярын хүлээн авалтыг 2019 оны 03-р сарын 15-ны өдөр Шангрила зочид буудалд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагааны үеэр түүхэн замналаа өгүүлсэн баримтат кино, монголдоо тэргүүлсэн 10 анхдагч үйл явдлаа онцолж нийт ажилтнууддаа танилцуулж хийсэн бүтээснээ дүгнэв.

Хариуцсан ажилдаа сэтгэл гаргаж хариуцлагатай, амжилттай ажиллаж буй шилдэг ажилтнуудад шагналын хур өргөн дэлгэр буулаа.

  • Монголын залуучуудын холбооны шагналаар 25 ажилтан,
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын шагналаар 21 ажилтан,
  • Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналаар 2 ажилтан,
  • БГД-ийн засаг даргын нэрэмжит шагналаар 6 ажилтан,
  • Засгийн газрын шагналаар 1 ажилтан,
  • Харьяа яам /ЗТХЯ, СЯ, ХХААХҮЯ, БЯ, УУХҮЯ/-дын шагналаар 14 ажилтан
  • “Брикланд” ХХК-ийн Шилдэг ажилтнаар 5 ажидтан
  • Орон сууцны 30-100%-ийн хөнгөлөлтөөр 14 ажилтан тус тус шагнагдлаа.

“Гацуурт” ХХК нь 2004 оноос хойш салбар нэгж, салбар компаниудынхаа дунд жил бүр “Спорт-Урлаг” наадмыг зохион байгуулсаар ирсэн. Энэхүү 15 жилийн урлагийн наадмын авъяаслаг ажилтнуудын нэгдсэн тоглолтыг МУУГЗ, Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг багш найруулж бүрэн хэмжээний урлагийн тоглолт болгон тайзнаа тавив. Урлагийн тоглолтын үзүүлбэр бүр компанийн үйл ажиллагаатай холбогдож, багагүй хугацаанд нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэсэн ажилтнуудын маань сэтгэл шингэсэн дуу хоолой, уран хөдөлгөөн, хөгжмийн эгшиг уригдан ирсэн зочдын сэтгэлийн утсыг хөглөж баярын нулимсыг нууж чадаагүй билээ.

Үйл ажиллагааны бас нэгэн гэнэтийн бэлэг нь хүн бүрт зориулан бэлтгэсэн 20 жилийн ойн бэлэг байв.

Баярын хурал, хүлээн авалтанд нийт 450 гаруй ажилтнууд оролцож МУ-ын хөдөлмөрийн баатар Ш.Мардаан, СХД-ийн Эрүүл мэндийн төв, “Анх тамир” ХХК, “Өгөөж гурил” ХХК зэрэг хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, бизнесийн түнш, ОХУ-ын Август компанийн төлөөлөл Николаев Алексей Волериевич, ОХУ-ын гавьяат агрономич, “Гацуурт” ХХК-ийн зөвлөх агрономич Колатолина Зинайда Михайловна зэрэг олон хүндтэй зочид манай компанийн хөгжил түүчээлж түүх бүтээсэн 20 жилийн ойн баярт хүрэлцэн ирлээ.