Монгол улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2020.09.21 Мэдээ Read count: 5269


Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахдаа Цагааннуур суманд байрлах “Гацуурт” ХХК-ийн Газар тариалан, мал аж ахуйн салбарт ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн удирдлагууд, аж ахуйн нэгжүүдийн хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнтэй танилцлаа. Түүнтэй хамт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ХХААХҮЯамны сайд З.Мэндсайхан, УУХҮЯамны сайд Г.Ёндон, ЗТХЯамны сайд Л.Халтар болон бусад УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, тариаланчдын төлөөллүүд хамт айлчилсан.

Компанийн үйл ажиллагааг тус компанийн Ерөнхий захирал Л.Чинбат болон мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад зочид төлөөлөгчид Хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори, үр тарианы төрөл, гарал үүсэл, тариалалтын тухай, ХАА-н техник, тоног төхөөрөмж, хүчин чадал, Монголдоо анхдагч бүрэн автомат үр цэвэрлэх үйлдвэр, Хүнсний ногооны агуулах, Махны үйлдвэр, хүнсний ногоо, үр тариа, дарш тэжээлийн тариалалт, Мал аж ахуйн хэсэг, Үржил селекцийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх компанийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа “Би энэ салбарын мэргэжлийн хүн биш. Гэхдээ өнөөдөр газар тариалан, мал аж ахуйн салбарын тухай Хөдөлмөрийн баатраараа лекц уншуулсан өдөр байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Айлчлалыг үргэлжлүүлэн  Эрчимжсэн мал аж ахуй, хүнсний ногоо, үр тарианы аж ахуй эрхлэгчид, Дарханы хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож намрын их ажилд амжилт хүссэн уулзалт боллоо.

Энэ уулзалтын хүрээнд газар тариалангийн гол бүс нутаг болох Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдыг холбосон авто замыг 2021 онд багтаан барьж дуусгах, газар тариалангийн бүс нутгийг бэлчээрийн мал аж ахуйгаас салгаж хөгжүүлэх зэргээр энэ салбарын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.