Засвар үйлчилгээ

“Гацуурт” ХХК-ийн засварын төв нь авто засвар болон ХАА-н хүнд механизмын засварын төв гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон засвар үйлчилгээний төв юм.
Харилцагчид техник тоног төхөөрөмжийн чанараас гадна нийлүүлэгч компаний нэр хүнд, ажлын туршлага, мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц зэрэг олон шалгуурыг харгалзаж, техник тоног төхөөрөмжийг сонгодог. Иймээс бид энэ шаардлагыг хангаж хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх зорилготой. Мөн сэлбэгийн нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд манай агуулахад 8000 гаруй нэр төрлийн сэлбэг хадгалагдаж байгаа нь хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх нэгэн давуу тал болдог. “Гацуурт” ХХК нь Монгол улсын зах зээлд нийт 3 сая ам долларын сэлбэг, 20 орчим сая ам долларын үнэ бүхий 300 гаруй техник тоног төхөөрөмжийг худалдан борлуулаад байна.
Бид хэрэглэгчдэд 24 цагийн дотор сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэгийн нөөц, боловсон хүчний чадавхи, ажлын туршлагатай. Мөн хэрэглэгчдийн техник тоног төхөөрөмжид хүнд эвдрэл гарсан, сэлбэг нь манай нөөцөд байхгүй байгаа тохиолдолд өөрийн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа техникээс туслалцаа үзүүлэх, сэлбэг нийлүүлэгч гадны байгууллагад захиалах зэрэг харилцагчийг дээдэлсэн бодлого баримталдаг.

Засвар үйлчилгээний төв нь:

  • Техникийн үйлчилгээ
  • Хөдөлгүүрийн засвар
  • Агергат засвар
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар
  • Гидрийн системийн засвар
  • Механик цех гэсэн чиглэлээр бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Сэлэнгэ аймгийн төв, Шаамар сум, Баянгол сумдад Монгол орны босоо тэнхлэгийн төв замын дагуу техникийн засвар, амралт үйлчилгээний цогцолборыг байгуулахаар ажиллаж байна. Энэ төвүүд нь ашиглалтанд орсноор улс болон хот хоорондийн бүх төрлийн авто тээврийн машинуудад засвар үйлчилгээ үзүүлэх, дугуй, тос тосолгооны бүтээгдэхүүн бусад хэрэгцээт сэлбэг хэрэгслээр ханган ажиллах, жолооч зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх, амрах нөхцөл бололцоогоор хангах зорилготой.